
Өөрийгөө ч намайг ч шүүдэг мөртлөө
Аврал өршөөлийн хуулинд
Охиноо л багтаадаг аав минь
Он цаг өнгөрөад таниасаа холдоод байгаа юм шиг мөртлөө
Охин тань нас нэмэн ухаажих тусам тандаа ойртож байгаагаа мэдэрдэг
Унтаж байхдаа таныгаа амьд сэрүүнээр тодхон зүүдлэдэг мөртлөө
Уйлчихсан , халуун нулимсандаа шатаад сэрдэгээ би
Хагацаж таниасаа салсан тэр өдрийг
Хар дарсан зүүд байгаасай гэсэндээ сэрэх гэж тэмцдэг.
Хааяа бусдын аавыг хараад хөнгөхөн санаа алддаг
Хүний нүднээс далдуур сэмээрхэн нулимсаа арчдагаа би .
Ааваа
Бор дарсанд шунаж , болзоогүй хүнтэй нөхөрлөсөн ч
Болох болохгүйг минь шүүгээд өгөх та минь дэргэд байхгүй
Зүггүйтэж , дэггүйтэж бүр замаа алдсан ч
Зэмлээд аргадаад , ухааруулах та минь хажууд байхгүй болохоор
Зөрүү замын эрхээр салаад одсон таныгаа сэтгэлдээ тээгээд
Зүгээр л мөрөөрөө хүн шиг явья
Зөрүүд тэнэг охиноо уучил ааваа .
Өсгөсөн хайрласан , ухаажуулсан ачийг тань
Өсгөөд , хагаслаад ч төлж чадаагүй ээ охин нь
Өнө мөнхөд өртэй гэдгээ санаж явья
Өлгий газар шороо , эх орондоо төлье.
Өлмий доор тань мөргөе ааваа охиноо үнсээч …
No comments:
Post a Comment