Tuesday, July 17, 2007

Хайртай болжээ

Дэлхийн түмэн солонгонд нүдний гялбаа ариллаа
Дэнжийн сайхан бүсгүйд хайрын харц амиллаа
Дэргэд чинь цэцгийн өнгө гундмал
Дуунд чинь гургалдайн жиргээ гологдом
Орчлонгийн олон учралууд замын хажууд хоцорч
Онцгой сайхан чамдаа сэтгэлийн үгээ шивнэлээ
Инээмсгэлэлд чинь нарны цацраг гийнэ
Эрхлэхэд чинь саран гивлүүрээ сөхнө
Хорвоогийн мянган зовлон жаргалын өнгөнд сүлэгдэж
Хайрын шүлэгтэй салхи чихнээ чамайг минь шивнэж
Холын холоос яарах сэтгэлийн даль ургаж
Хонгор амраг чамруугаа хүлгийн жолоо заллаа

Хайртай болжээ
Халуухан зүрх минь шатаж байна
Хайртай болжээ
Хосгүй ганцхан чамдаа би

Р.Эмүжин : Тэнэгхэн минь...

Тэнэгхэн минь
Тэгэхэд чи миний хажуугаар
Зүгээр л өнгөрчихсөн бол
Зүйдэлгүй тэнгэр мэт энэ хайр
Зүсрэх бороо мэт энэ гуниг
Чиний хөлийг бараадан
Шогшиж одох байсан.
Тэнэгхэн минь

Тэгэхэд чи тэр бүсгүйн хажуугаар
Зүгээр л өнгөрчихсөн бол
Навч унах мэт энэ хагацал
Намайг гээх мэт энэ урвалт
Бүсгүйн хөлийг бараадан
Бүгээхэн алсад одох байсан.
Тэнэгхэн минь

Р.Эмүжин : Цэцэг бэлэглэнэ гэж би найдаагүй


Цэцэг бэлэглэнэ гэж би найдаагүй
Цэнхэр цамц чинь санаанаас гараагүй
Цэвэрхэн царай, үүр шөнө шиг харц чинь
Тэр өдрүүдийн нар яаж жаргасныг
Тэр үдшүүдийн сар ямар өнгөтэй байсныг сануулдаг.
Жил саруудын уртаас би айгаагүй
Жиргэх шувуудын дуу гэгэлгэн байсныг мартаагүй
Жирийн бус үнсэлт, учрал, хагацал
Жирийн л нэгнийх байсан гэдэгт
Одоо болтол итгэхийг хүсдэггүй
Цэнгэл амласан уруул чинь
Цэрвэж хэлсэн үгэнд минь төөрөлдөхөд
Ханын цагны яаруу дуутай уралдан
Хаалга хаагдахтай хамт энэ бүхнийг
Мартана гэж өөртөө амласан.
Цэцэг бэлэглэнэ гэж би найдаагүй
Цэнхэр цамц чинь санаанаас гараагүй.

Monday, July 9, 2007

Р.Эмүжин: Залуу насыг минь чи үлээсэн ...

Залуу насыг минь чи үлээсэн
Янжуурын утаа шиг
Замын дунд тэгээд өөрөө гээгдсэн
Янагийн захидал шиг
Минийх гэж хэлэх
Эрх чамд үгүй ч
Минийх байсан гэх
Зүрх чамд үлдсэн

Monday, July 2, 2007

Би бүсгүй хүн


Намайг бүсгүй хүн гэдгийг мэддэггүй байлтай
Наадаж хошигносон тоглоом чинь хэтрээд байх юм.
Омголон хүүхэд зангаа чи минь гээгээгүй байлтай
Одоо хүртэл багынх шигээ тоглоод байх юм.
Хайрга чулуугаар айл гэр гэж тоглодог байсан балчир нас минь
Хавар хаврын зөөлөн салхитай хамт биднийг орхижээ.
Одсон он жилүүд хүүхэд насыг минь хайр найргүй элээж
Одоо бид хоёр нэгэнт том хүмүүс болцгоожээ.
Цаг хугацааг хоёулаа ухрааж чадахгүйгээс хойш
Цал буурал өвөө эмээ болтлоо тоглоод байх хэрэг үү
Сэмэрхий туузаа дэрвүүлэн гүйдэг байсан охин насны минь дурсамж
Сэтгэлд минь хааяа гуниг шивнэн бодогддог юм .
Насан багын тоглоом минь амьдрал болон цэцэглээгүйгээс хойш
Намайг хүүхэд биш , бүсгүй хүн гэдгийг минь битгий мартаарай .
Чи минь
Хэн ч харсан дурлахгүй байхын аргагүй идэр сайхан эр болжээ .
Хэнзхэн бяцхан үрдээ хэнээр ч солихгүй сайхан аав болжээ.
Эхнэрийн чинь гар дахь хуримын бөгж минийхэд байсан болоосой гэж мөрөөдөх үе байсаан надад
Эргэх цаг хугацаа сэтгэлийг минь "эвлэрэх" гэдэг эмээр эдгээсэн .
Одоо
Хэн нэгэн эртэй болзохоо чамаас би асуумааргүй байна.
Хэдийд хэнтэй гэрлэхээ ч чамаар би заалгамааргүй байна .
Найзаа гэж бодоод зөвлөдөгт чинь би баярлах ёстой бол чадахгүй нь
Надтай зөвлөж байж эхнэр авсан билүү чи
Согтуу байхдаа надад хайртай гэж ам алдсан гэсэн
Сэтгэлийн биш архины гашуун үг байсан гээд би бодчихьё
Сонс
Их амьдарлын багана түшилцсэн чамд би хайргүй
Ижилхэн бүсгүй хүний нөхөрт би хайргүй .
Цангинасан дуутай өхөөрдөм хүүгийн аавд би хайргүй
Цаг хугацааны сорилтонд бүдэрсэн тэнэг найздаа би хайргүй .
Гэвч
Өөрт минь хайрыг мэдрүүлсэн тэр л хөвгүүнд хайртай .
Өхөөрдөн намайг л ширтдэг байсан харцанд нь би хайртай
Өврөөсөө гаргаж өгдөг байсан чихэрт нь би хайртай
Өрж тоглодог байсан чулуунууддаа би хайртай
Өнгөрсөн хорин жилийн үерхэлдээ би хайртай
Гэхдээ
Хээр орхигдсон дурлалын хойноос толгой гудайн суух араншингүй
Хэн нэгний өмч биш би бүсгүй хүн .
Эзгүй хоосон сэтгэлийн орон зайгаа дүүргэх хайраа эрж байгаа
Эгэл нэгэн аавын хүүд дурлах эрхтэй би бүсгүй хүн .

Миний амьдрал


Амьдраx xүсэлтээдээ амьдарч байгаа юм уу? Аргагүй амьсгалдаг болоxоороо амьдарч байгаа юм уу? Юу ч санагдаxгүй байна миний өнгөрснөөс Юундаа ч би xорогдоx билээ Утгаа алдсан амьдарлын нугачаанд Уруудаж өгсөж зөндөө л явлаа Урагшгүй одонд төрсөн юм уу би? Уxаарч чадашгүй нь амьдарлыг би Одоо яваxад xарамсаx юм алгаа Орчлонгоос би залxаж гүйцлээХууран мэxлэлт xудал гүжирдлэг Хүмүүний амьдрал ямар уйтай вэ Дурлаж xайрласандаа би гутраагүй Дундуурxан сэтгэлдээ ч гутраагүй Дуусгаж чадаагүй амьдралдаа ч xарамсаxгүй бна Дутуу татсан тамxиндаа ч xорогдоxгүй байна Зүгээр л би буцмаар байна Зүггүйтэж xаналаа амт алга Зүрx алдан дурлаж үзлээ бал алга Зүгээр нэгэн байж үзлээ утга алга

Заяа : Урд шөнө

Урд шөнө намуухан салхитай сартай шөнө байсан
Уруулаас чинь балыг амтлах надад сайхан байсан
Өглөө сэртэл чи алга сар ч бас алга
Үнэндээ чи эсвэл сар байсан юмуу?

Өчирдөр тэнгэрт түм түмэн одод анивчин байсан
Өөрт чинь үнэрт чинь сэтгэл согтож байсан
Үүрээр сэрлээ бүүдгэр тэнгэрт одод байсангүй
Үнэхээр чи тэгэхээр од байсан ч юм уу?

Тэнэгхэн миний сэтгэл зүрхийг баясгахаар
Тэнгэрээс чи нэг шөнийн чөлөө гуйгаа юу?
Тэртэй тэргүй үнэнч гэдэг үгэнд итгэдэггүйдээ ч тэр үү
Тэнгэрийн одыг би өмчилж авахыг хүсэхгүй